"Хүн болгон дэлхий дээр цор ганц"
"Бага байхад миний ээж бусад ээжүүдээс арай өөр. Цагаан сараар бүгд дээл өмссөн байхад миний ээж л ганцаараа биедээ тухтай хувцсаар гоёно. Ажлынхаа шинэ жил дээр бас л энгийн хувцастайгаа очдог. Хэн нэгэнд шоглуулахаас, юу гэж хэлэхээс нь огт санаа зовдоггүй, намайг ч бусад хүмүүсийг ч яг байгаагаар нь хүлээж авдаг тийм л ээж байсан. Харин би ээж шигээ тийм өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун хүүхэд байгаагүй ээ. Харин ухаан суух тусам тийм нэг тухгүй мэдрэмжээсээ гарахыг хүссэн. Энэ үеэс л дэлхий дээрх хүн болгон дахин давтагдашгүй, өөр өөрийн онцлогтой, үнэ цэнтэй, оршихуйтай гэдгийг улам ихээр мэдрэх болсон. Тиймдээ ч би 9 наснаас дурласан Микки Маусын дүрээр одоо ч гоёсон хэвээр.
Хүн бүр өөр болохоор өөрийгөө бусадтай харьцуулах, голж өөлөх, хэн нэгнийг дуурайх хэрэггүй ээ. Чи энэ чигээрээ хангалттай төгс. Энэ дотоод мэдрэмжээ хадгалж явсаар 2011 онд Bunkyo их сургуулийнхаа төгсөлтийн ажлаа болгосон. Мөн энэ сэдвээрээ 2013 онд Bologna олон улсын зурагт номын үзэсгэлэнд шалгарч байлаа. 2025 онд энэ ном маань Японд хэвлэгдээд одоо Монголынхоо уншигчдаа хүрч байгаад маш их баяртай байна."
