Монгол зураач, зохиолч О.Золбоотөгөлдөрийн өөрийн бичиж, зурсан анхны зурагт ном "Зүүд урлаач" ном монгол уншигч түмэндээ хүрэхэд бэлэн болжээ. Эл бүтээл алс холын Америкийн Нэгдсэн Улсад, гайхам үзэсгэлэнт зурагт номуудыг эрхлэн гаргадаг "Enchanted Lion Books" хэвлэлийн газраас яг энэ цаг мөчид англи хэлээр мөн хэвлэгдэн гарч, дэлхийн уншигчдын хүртээл болж байгаа билээ.
"Зүүд урлаач" хэмээх үлгэрийн мэт дүрийн тухай энэхүү сэтгэл хөдөлгөм зурагт ном бүтээх, мөрөөдөх, мөн амьдралын гоо сайхныг нээн илрүүлэхийг урин дуудна.
"Зүүд нойрны ертөнцийг урлагийн мэдрэмжтэй сүлсэн ид шидийн аялал... хүүхдүүд зүүд бүрийн эзний тухай, юу илэрхийлж байгаа тухай нь төсөөлөхийг хүсэх болно." - Youth Services Book Review
Оргилын Золбоотөгөлдөр нь олон улсад танигдсан уран бүтээлч билээ. Тэрээр Соёл урлагийн их сургуулийн Монгол зургийн ангийг, дараа нь Польш улсын Николай Коперникийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийг тус тус төгссөн. Золбоогийн уран бүтээлийн хэв маяг нь сюрреализм болон шидэт реализмын элементүүдийг хослуулж, зүүд мэт өгүүлэмж, яруу найргийн өнгө аястай ертөнцийг бүтээдгээрээ онцлог.
Тэрээр дүрслэх урлагийн бүтээлээс гадна зурагт номын зураачаар ажилладаг. 2023 онд Азийн сангаас зохион байгуулсан Хүүхдийн ном бүтээх феллоушип хөтөлбөрт оролцож, анхны зурагт ном болох Зүүд урлаачийн зохиолоо бичсэн юм.
Урьдчилсан захиалга 11 сарын 14 хүртэл явагдана. Эхний 50 хүнд номын зурагтай постер дагалдах болно. Хүргэлт 11/14-нээс эхэлнэ.
Номын нээлт 11 сарын 14-нд 17:00 цагаас УИД-н баруун хойно байрлах @Impact Lab-д зохиогдох болно. Та захиалсан номоо нээлт дээр хүрэлцэн ирж зохиогчийн гарын үсэгтэй авах боломжтой.

















































































































